Монгол Улс - БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын 19 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болов.

Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуяг, ХЗДХЯ-ны Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УДШ, УЕПГ, ГИХГ, ЦЕГ-ын төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ын тэргүүн нар, хятадын талаас ГХЯ-ны ГХЯ-ны Консулын газрын дарга Гуо Шяочун тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд цаашид консулын харилцааг дунд болон зорилтот урт хугацаанд хөгжүүлэх, Монгол Улс - БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болон Хууль зүйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг хамтатгах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа хулгай, цахим залилангийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, консулын хамгаалалт буюу иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, асуудлаар тус тус ярилцаж, Шанхай, Манжуур хотуудад Монгол Улсын консулын төлөөлөл байгуулах асуудлаар санал солилцов.


Энэхүү Зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс, БНХАУ-ын тэргүүн нарын уулзалтын дараа зохион байгуулагдаж буй хоёр талын анхны уулзалт гэдгийг онцлон тэмдэглэж, харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох консулын харилцааг Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан шинэ шатанд гаргахаар тохиролцов.


Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Ялтан шилжүүлэх”, “Иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх” хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг идэвхижүүлж ахиц гаргахаар болов. Мөн иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг нэг бүрчлэн ярилцаж тодорхой арга хэмжээ авахаар талууд тохиролцоонд хүрэв. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд манай төлөөлөгчид БНХАУ-ын ХЗЯ, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, НАХЯ-ны Хар тамхитай тэмцэх газар, шилжилт хөдөлгөөний алба зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзана.


Монгол Улс - БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт анх 1994 онд болж байсан бөгөөд 20 дахь удаагийн уулзалтыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.