ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ

Монгол Улсаас БНХАУ-д Элчин Сайдын Яамны вэб сайтад тавтай морилно уу!

Энэхүү вэб хуудасаар дамжуулан Та бүхэнд үнэн бодит, нарийн мэдээ мэдээллийг  шуурхай хүргэхээс гадна үүнийг Монгол, БНХАУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд Та бүхний үнэтэй санал зөвлөмжийг хүлээн авах байнгын гүүр болгоно.

Монгол Улс, БНХАУ хоёр улс түүхэн хувь заяагаар хаяа нийлэн Азийн уудам нутагт мянга мянган жил зэрэгцэн оршиж ирсэн хөрш орнууд билээ. Хоёр улс улс төрийн хувьд бүрэн итгэлцсэн, эдийн засгийн хувьд харилцан нөхсөн, ард иргэд нь элэгсэг дотноор ханддаг, олон улс, бүс нутгийн асуудлаар ойр дотно хамтран ажилладаг.

Хоёр талын хамтын хүч чармайлтын үрээр Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүх салбарт өргөжин гүнзгийрч, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байна.

Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган хөгжүүлэх нь зөвхөн манай хоёр орны  ард түмний эрх ашигт нийцэх төдийгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэх билээ.

БНХАУ-д сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол иргэдийн үүсгэн санаачилсан байгууллага, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санал, санаачлагыг дэмжиж ажиллах болно.

БНХАУ-ын нутаг дэвсгэрт болон дэлхий дахинд байгаа Монголын түүх, соёлтой холбоотой зурган мэдээллийг цуглуулж цахим архив үүсгэхээр миний бие санаачилан ажиллаж эхлээд байна. Та бүхний дэмжлэгтэйгээр энэхүү санаачилга биеллээ олно гэдэгт итгэж байна.

Монголын түүх, соёлын үнэт зүйлсийн фото зураг, товч тайлбарыг хаана байгаа хаягийн хамт ЭСЯ-ны beijing-mhh@mfa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Бид ЭСЯ-хаа цахим хуудсанд байрлуулах болно. Та өөрийнөө нэр, хаягаа ирүүлэхээ мартуузай.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхны ерөөл өргөе.

Хүндэтгэсэн:                ЭЛЧИН САЙД  ДАМБЫН ГАНХУЯГ