МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНДЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Комисс” нь манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааны гол механизм юм. Засгийн газрын хоорондын Комиссийн хуралдаан нь хоёр жил тутамд нэг удаа хуралддаг бөгөөд хурлаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтад харилцан тулгарч буй асуудлыг шийдвэрлэх болон хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжуудын төслүүдийг тодорхойлдог. Засгийн газар хоорондын Комиссын хурал нь 1991-2018 оны хооронд нийт 15 удаа хуралдаад байна. Хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин хотноо болсон. Уг комиссоос гадна Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл, Эрдэс баялгийн хамтын ажиллагааны дэд хороо, Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны Ажлын хэсэг, ӨМӨЗО-той хамтран ажиллах ажлын хэсэг зэрэг хамтын ажиллагааны механизмууд тус тус үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн хугацаанд худалдаа, эдийн засгийн чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд олон тооны баримт бичиг байгуулсны дотроос “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2014 онд шинэчлэн байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг, сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг үндэслэн эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, хамтын ажиллагааны таатай нөхцөлд тулгуурлан худалдаа, эдийн засгийн хоёр болон олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оршиж байв. Хөтөлбөрийг 2014-2020 онд хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан.

Гадаад худалдаа. Хятад улс нь манай гадаад худалдааны хамгийн том түнш билээ. 1990 онд хоёр талын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ дөнгөж 33,6 сая ам.доллар байсан 2018 оны 9 дүгээр сарын байдлаар 7,3 тэрбум ам.доллар хүрч, гадаад худалдааны эргэлт 28 жилийн хугацаанд 220 дахин нэмэгджээ. /жич: 2018 оны тоо эхний 9 сарын байдлаар/

 

Хөрөнгө оруулалт. Хятад улс нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд 1990-2017 оныг хүртэл 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ хөрөнгө оруулалтыг Дэлхийн банк “250 мянган ам.долларын цалинтай 170000 хүний айлын байр шинээр бий болгожээ” гэж судалгаандаа дүгнэсэн байдаг. Энэ жилийн байдлаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 5300 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Харин Монгол Улсаас БНХАУ-д үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүүгийн салбарт голлон хөрөнгө оруулалтыг хийж байна.  

 

Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж. 1990-2018 оны хүртэлх хугацаанд БНХАУ-ын Засгийн газраас монголын талд нийт 4,2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Хятадын талаас 2003 онд 300 сая, 2005 онд 500 сая, 2014 онд  1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийг хоёр тал харилцан тохиролцсон төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд зам, барилга, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, гаалийн тоног төхөөрөмж зэрэг нийгэм, эдийн засагт ач холбогдолтой салбаруудад амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, дээрх буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

А.Буцалтгүй тусламжаар: 

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төсөл

Ерөнхий боловсролын 7 сургууль, нэг цэцэрлэг

“Ой хээрийн түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл

“Суудлын автомашин шалгах зориулалтын суурин рентген тоног төхөөрөмж” төсөл

“Чингэлэг, тээврийн хэрэгсэл шалгах зориулалтын суурин рентген тоног төхөөрөмж” төсөл

“Зориудын аргаар мазаалай баавгайг үржүүлэх” төсөл

“Мазаалай баавгайн амьдрах орчны нөхцөлийг сайжруулах” төсөл

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих” төсөл

“1008 айлын түр суурьшуулах орон сууц” төсөл

“Хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах” төсөл /Замын-Үүд, Гашуунсухайт боомтын дэд бүтцийг сайжруулна/

Хөнгөлөлттэй зээлээр: 

  • “Мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл” төсөл
  • “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн зогсоолыг өргөтгөх” төсөл
  • “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх” төсөл (Манхан-Ховд 85.3 км, Өлгий - Хашаат 60.0 км)
  • “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх” төсөл
  • “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төсөл
  • “Орон сууцны хороолол, дэд бүтэц” төсөл
  • “Бага оврын хөдөө аж ахуйн трактор худалдан авах I” төсөл
  • “Бага оврын хөдөө аж ахуйн трактор худалдан авах II” төсөл
  • “Шинэ зууны боловсрол” төсөл
  • “Цахим эрүүл мэнд” төсөл
  • “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл
  • “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл
  • “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны авто зам барих” төсөл
  • “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто зам барих” төсөл
  • “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам барих” төсөл
  • “Туул гол дээгүүр Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг шинээр барих” төсөл
  • “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төсөл
  • “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам барих” төсөл
  • “УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөл
  • “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төсөл