Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтанд оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар, Швейцарь, Беларусь, Польш, Австри, Герман, Азербайжан, Казахстан, Гүржийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар тохиролцов.
Унгарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Биокомбинат ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг ирэх 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотноо хэрэгжүүлж эхлэх нээлтийн ажиллагаанд Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-г оролцохыг сайд Ц.Мөнх-Оргил урив. Унгарт суралцах монгол оюутны тоог 2017 оноос хоёр дахин нэмэгдүүлж, нэмэлт тэтгэлгийн хүрээнд хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх манай талын хүсэлтийг сайд Ц.Мөнх-Оргил Унгарын сайдад уламжлахад тэрээр тийм боломж байгааг нотлоод энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн тухай хамтын ажиллагааны санамж бичигт талууд энэ ондоо багтаан гарын үсэг зурахаар тохиролцов. Түүнчлэн, Улаанбаатар хотын ус цэвэршүүлэх төв байгууламжийн шинэчлэл, бүтээн байгуулалтын төсөлд Унгарын туршлага, технологийг үндэслэн тэдний компанийг оролцуулах сонирхолтой байгааг сайд Ц.Мөнх-Оргил илэрхийлж, Унгарын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх асуудлыг хамтран судалж үзэхээр болов.
Сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Д.Буркхалтертай уулзахдаа дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов. Мөн албан болон энгийн паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих асуудлыг судлахаар болов. Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар Монгол улсад үргэлжлүүлэн хөгжлийн тусламж үзүүлэх асуудал Швейцарийн Парламентаар хэлэлцэгдэж буйд талархал илэрхийлэв.
Польшийн Гадаад хэргийн сайд В.Вашчыковски Монгол Улсад Элчин сайдын яамаа дахин нээх чиглэлээр хичээн ажиллаж байгаагаа илэрхийлэв. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар хоорондын механизмыг сэргээж, Польшийн экспортын зээлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд түлхүү анхаарал тавин ажиллахаар болов. Мөн Варшавын Их сургуулийн Монгол судлалын тэнхимд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Сайд Ц.Мөнх-Оргил Австрийн Гадаад хэргийн сайд Себастиан Курцтай уулзахдаа Австри улс 2017 онд ЕАБХАБ-ыг даргалах болсонд баяр хүргэж, Дарга улсын хувьд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцав. Мөн Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хоёр дахь шатыг үр дүнтэй ашиглах талаар санал солилцов.