Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Хятадын Цэргийн шинжлэх ухааны академи болон Олон улсын стратегийн судалгааны нийгэмлэгээс бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх 7 дахь удаагийн “Сяншань”-ны форумыг 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Бээжин хотноо “Аюулгүй байдлын яриа хэлэлцээг бэхжүүлж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бүрдүүлэе” уриан доор зохион байгууллаа.
Форумыг нээж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ванцуань үг хэлэв. Хятадын цэргийн дээд удирдлага, 64 улс болон олон улсын байгууллагын 400 гаруй цэрэг, улс төрийн дээд, өндөр албаны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцсон, энэ удаагийн форумаар “Олон улсын засаглалд зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг”, “АНДБН-ийн аюулгүй байдалд тулгарч буй шинэ сорилтыг даван туулахад хамтран ажиллах нь”, “Далай тэнгис дэх хамтын ажиллагаа”, “Олон улсын терроризмын аюул занал, түүний эсрэг тэмцэх арга зам” гэсэн 4 үндсэн сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо.
Форумд Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр нар оролцсон бөгөөд хошууч генерал Д.Даваа “АНДБН-ийн аюулгүй байдалд учирч буй сорилт, түүнийг даван туулахад хамтран ажиллах нь” сэдвээр илтгэл тавьж, АНДБН-ийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа болон тус бүс нутгийн талаар Монгол Улсын баримталж буй бодлого, байр суурь, оролцооны талаар танилцууллаа.