Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын “Торгоны замын ач холбогдол” сэдэвт 4 дэх удаагийн форумын хуралдааны нээлт дээр Монгол улсын засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д. Ганбатын

2017-01-17

IMG_4446Эрхэм хүндэт дарга аа,

Хүндэт зочид оо,

Хүндэт хатагтай ноёд оо

Юуны өмнө “Торгоны замын ач холбогдол” сэдэвт БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын нэгдсэн форумыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулж буй Хятадын талд гүн талархлаа илэрхийлье.

БНХАУ-ын засгийн газар Төв болон Зүүн өмнөд Азийн бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой Торгоны зам сан байгуулсан явдал нь орчин үеийн дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, игнтеграцын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна.

Ташкент хотноо 2016 оны 6-р сард болсон ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдсан Монгол улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтаар дэлхийн хамгийн том хоёр тивийг холбосон Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан билээ. Энэхүү хөтөлбөр нь  гурван улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хамтын ажиллагааг хамарч байгаа бөгөөд, гурван улсыг холбосон зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал гол байр суурийг эзэлж, мөн хил дамнасан тээвэр, агаарын тээвэр, гааль, хорио цээрийн хяналтын механизмыг уялдуулан, худалдааг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал туссан юм. БНХАУ-ын “Бүс ба зам” бүтээн байгуулалтын хөтөлбөрийг бусад улс, орнуудын хөтөлбөртэй харилцан уялдаатай хөгжүүлэх нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол улсын дэвшүүлсэн “Талын зам” санаачилгад  төмөр зам, авто зам, хийн болон газрын тосны хоолой, эрчим хүчний сүлжээ гэсэн “5 шугам” багтаж байгаа билээ. Энэхүү санаачилга нь зөвхөн Монгол улсад хэрэгжих биш, та бидний хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн үр өгөөжөө өгөх учраас та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Хүн төрөлхтний түүхэнд Ази, Европыг холбосон алдарт “Цайны зам”-аар Хятадаас улбаалан Монголоор дамжин Москва, цаашлаад Европ хүртэл эртний Хятадын ааг, амт чанараараа гайхагдсан цай тээвэрлэгдэж арилжаа худалдаа хөгжиж ирсэн байдаг. Монголын нутаг дэвсгэрээр дайрч буй энэ замналыг эртний худалдаачид Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болгохоор сонгож байсан гэж би хувьдаа боддог. Монгол улс Ази, Европ тивийг холбосон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх ажилд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Үүний үр дүнд БНХАУ-аас ОХУ, цаашлаад Европын чиглэлд чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлт хийж эхлээд байна.

Цаашид бид “Эдийн засгийн коридор”-ыг хөгжүүлэхэд суурь үндэс болох бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнцвэржүүлэх нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр их зүйлийг хамтран хийж, амжилт олно хэмээн найдаж байна.

Евразийн бүс нутгийн хүрээнд өндөр ач холбогдолтой энэхүү хөрөнгө оруулалтын нэгдсэн форумын хурлын ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.