Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

БНХАУ-ТАЙ ХИЙСЭН СВОП ХЭЛЦЛИЙН ГЭРЭЭГ 2020 ОН ХҮРТЭЛ СУНГАЛАА

2017-02-25

1Монголбанкнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ. 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч Ий Ганг нар хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрчээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны дэд ерөнхийлөгч, Зах зээлийн газрын захирал болон бусад мэргэжилтнүүдтэй ажлын хэсэг өнгөрсөн хоёр хоногт Хятадын Ардын Банканд ажиллаж, 2014 онд байгуулсан байсан своп хэлцлийн талаар хэлэлцээр хийлээ. 2014 онд байгуулсан гэрээний хугацаа 2017 оны наймдугаар сард дуусахаар байгаа. Хэлэлцээрийн үр дүнд бид Своп хэлцлийн гэрээг дахин гурван жилээр сунгалаа.​ Наймдугаар сараас өмнө хэдийд ч энэхүү гэрээний хугацааг сунгахаар хоёр тал гарын үсэг зурахаар тохиролцсон байгаа.Тэгэхээр своп хэлцлийн гэрээний хугацаа нь 2020 оны наймдугаар сар хүртэл үргэлжлэхээр болж байна. Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа царцанги байдалд орсон байсан бол Гадаад Харилцааны сайдын айлчлалаас эргэн сэргэж байна.  Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр тохиролцсон. Хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт своп хэлцэл орсон байсан. Тэгэхээр хөтөлбөр ОУВС-гийн захирлуудын хуралдаанаар батлагдаагүй байгаа ч бэлтгэл шатны ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ. Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд  чухал ач холбогдолтой юм.