Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

“МОНГОЛ, ХЯТАДЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ТӨВ”-ИЙН НЭЭЛТ БОЛОВ

2017-07-10

2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Бээжин хотын Тунжоу дүүрэгт Чаобай голын эрэг дээр Монгол, Хятадын соёлын солилцооны төвийн нээлт болов. Энэхүү соёлын солилцооны төв нь “Бүс ба Зам”-ын хүрээнд Санж Соёл хөгжлийн группийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл юм.

Соёлын солилцооны төвийн нээлтийн ажиллагаанд Элчин сайд Д.Ганхуяг, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар нар оролцож, үг хэлэв.

Элчин сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ, “Монгол, Хятадын Соёлын солилцооны төв нь хоёр орны найрсаг харилцаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

1Соёлын солилцооны төвийн нээлт

2

Нээлтийн ажиллагаанд оролцсон хүндэт төлөөлөгчид

3

“Торгоны замын тэмдэглэл-Чингис хаан” тоглолт

4

Нээлтийн ажиллагааны үеэр, Монголын язгуур урлагийн тоглолт

5

Монгол зоогийн гэр

Монгол, Хятадын соёлын солилцооны төв нь Монгол Улсын үндэсний язгуур урлагийн хамтлаг, жүжигчид, уран бүтээлчдийг урилгаар ирүүлж, аялал жуулчлал, түүх, соёл, дуу хөгжим, бүжиг, спорт, кино, телевиз, урлагийг сурталчилах, түгээн таниулах зэрэг чиглэлээр Монгол Улсын соёлын форум, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ой, хоёр улсын Засгийн газрын хооронд анхны байгуулсан баримт бичиг болох “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” байгуулсны 65 жилийн ой 2017 онд тус тус тохиож буйтай холбогдуулан Монголын түүх, соёлыг харуулсан үзэсгэлэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Элчин сайдын яам Санж соёлын групптэй хамтран  “Их Юань Гүрний Нэн Ховор Түүхэн Дурсгалууд” биет үзэсгэлэнг 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монгол, Хятадын соёлын солилцооны төв”-ийн нээлтэд

Элчин сайд Д.Ганхуягийн хэлсэн үг

 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёдоо,

Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, хоёр талын соёлын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын “Хөгжлийн зам” болон БНХАУ-ын “Бүс ба Зам” хөгжлийн стратегийг уялдуулахыг эрмэлзэн Бээжин хотноо Монгол, Хятадын соёлын солилцооны төвийг байгуулж буй Санж Соёл хөгжлийн группын хамт олонд чин сэтгэлийн халуун баярын мэндийг хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй явагдаж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдан, хамтын ажиллагааны нөөц боломж ихтэй байна. Энэ жилд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон Засгийн газрын  гишүүд БНХАУ-д тус тус айлчлал хийж, хүрсэн тохиролцоонууд эхнээсээ ажил хэрэг болж байгааг хэлэхэд таатай байна.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүмүүнлэг, соёлын солилцоо, хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Монгол, Хятад хоёр орон, ард түмэн уул, ус, хангай, говиор хиллэсэн хөршүүд бөгөөд сайн анд найзууд. Соёлын харилцаа нь сайн анд найзуудыг улам ойртуулж харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлийг төрүүлдэг. Энэхүү Монгол, Хятадын Соёлын солилцооны төв нь хоёр орны найрсаг харилцаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эдгээр зорилтын хүрээнд Монголын Соёлын солилцооны төв нь аялал жуулчлал, түүх, соёл, дуу хөгжим, бүжиг, спорт, кино, телевиз, урлагийг сурталчилах, түгээн таниулах зэрэг чиглэлээр Монгол Улсын соёлын форум, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулахыг Монгол Улсын Элчин сайдын яам дэмжиж хамтран ажиллах болно.

Энэ хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ой, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 68 жилийн ой, хоёр улсын Засгийн газрын хооронд анхны байгуулсан баримт бичиг болох “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” байгуулсны 65 жилийн ой 2017 онд тус тус тохиож буйтай холбогдуулан хэд хэдэн Монголын түүх, соёлыг харуулсан үзэсгэлэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Элчин сайдын яам Санж соёлын групптэй хамтран  “Их Юань Гүрний Нэн Ховор Түүхэн Дурсгалууд” биет үзэсгэлэнг 2017 оны 10 дугаар сарын 1-нээс 20-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн Хятадын Манжуур хотын Алтан сарнай хаш чулуун музейтэй хамтран Чингис хааны түүхтэй холбоотой хаш чулуун сийлбэр үзмэрээр бүрдсэн үзэсгэлэнг 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 1 дүгээр сарын 20-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн альваа арга хэмжээг зохион байгуулах сонирхолтой байгууллагуудтай Монгол Улсын Элчин сайдын яам цаашид ч харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Монгол Улсын Элчин сайдын яам нь Монгол, Хятадын Соёлын солилцооны төвийн үйл ажиллагаанд удирдлага, зөвлөмжөөр хангаж, холбогдох туслалцаа, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.

Жил бүрийн 7 дугаар сард Монгол түмэн эрт үеэс уламжлагдан ирсэн “Наадам”-аа хийж, 1921 оны Ардын их хувьсгалын ялалтыг тэмдэглэж, тусгаар тогтнол, үндэсний уламжлал, соёлоороо бахархдаг билээ. Энэ завшааныг ашиглан  Та бүхэнд “Үндэсний Их Баяр-Наадам”-ын мэндийг дэвшүүльж, эрүүл энх, сайн сайхан, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол, Хятадын Соёлын солилцооны төвийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

 

“Монголын соёлын солилцооны төв”-ийн нээлтэд ГХЯ-ны БТГ-ын Захирал Ш.Одонбаатарын хэлсэн үг

Эрхэм хүндэт Элчин сайд Д.Ганхуяг,

Эрхэм хүндэт Санж соёл хөгжлийн группын Ерөнхийлөгч Санж,

Эрхэмсэг ноёд, хатагтай нараа,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Юуны өмнө өнөөдөр Монгол, Хятадын Соёлын солилцооны төвийн нээлтийн арга хэмжээнд оролцож, энэхүү баярт үйл явдлыг та бүхэнтэй хуваалцан, хамтран тэмдэглэж буйд миний бие туйлын баяртай байна. Тус Төвийг байгуулж, Монголын түүх соёлыг Хятадад таниулан сурталчилах  үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй Хятадын Санж соёл хөгжлийн группын Ерөнхийлөгч Санж Танд болон танай группын хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны хүрээ өргөжин тэлж, агуулга нь баяжиж байгаагийн зэрэгцээ соёл, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ 5 дугаар сард БНХАУ-д айлчилж, “Бүс ба Зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр “Хөгжлийн зам” санаачлагыг “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулах Санамж бичиг, Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Даяаршлын үйл явцын хүрээ улам тэлж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байгаа өнөө үед үндэсний түүх, өв соёл, зан заншил, урлагийн уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, спортын ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газраас 2016 онд баталсан билээ.

           Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид үндэснийхээ өв уламжлал, түүх, соёлыг дэлхий нийтэд таниулан түгээх, Монгол судлал болон энэ чиглэлээр суралцаж буй гадаадын оюутан, судлаачид, залуусыг дэмжихэд онцгой анхаарал тавин тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Монгол, Хятад хоёр улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх тухай хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх зорилготой Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийг удахгүй байгуулахаар хоёр тал ажиллаж байна.

Хоёр орны соёлын солилцоогоор дамжуулан иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх, Монголын соёл, уламжлалыг Хятад Улсад сурталчлах, Хятад Улсын талаарх үнэн, бодитой ойлголтыг Монголын ард иргэдэд өгөхөд энэхүү Соёлын солилцооны төвийн зорилго оршино хэмээн үзэж байна.

Цаашид Монголын урлаг, соёл, түүхийг Хятад Улсад сурталчлах болон хоёр орны иргэдийн соёл, хэлний боловсролыг дэмжихэд чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, хүүхэд залуус, эрүүл мэнд, орон нутаг зэрэг салбарын хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулан, хоёр улсын иргэдийн солилцоог тасралтгүй өргөжүүлж, ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд тус Төв хувь нэмрээ оруулж ажиллана хэмээн найдаж байна.

Монгол, Хятадын Соёлын солилцооны төвийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.