Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО.

2018-11-28

Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Батлан хамгаалах дайчилгааны ерөнхий газрын удирдлагын түвшний ажлын уулзалтыг 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Нанжин хотод зохион байгуулав.

Монголын талын төлөөлөгчдийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч хошууч генерал Ц.Сэргэлэн, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Батлан хамгаалах дайчилгааны ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Хуурай газрын болон усан хилийн хамгаалалтын хорооны дарга хошууч генерал Мөү Минбин нар тэргүүлэн оролцов.

Ажлын уулзалтаар Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний хэрэгжилт, Монгол-Хятадын 2017-2018 оны улсын хилийн нөхцөл байдал, хилийн төлөөлөгчдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газар, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хооронд 1999 онд байгуулсан “Хил хамгаалалтын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэх, ХАЧА-ийн Хил, далайн цэргийн дээд сургуульд монголын хилийн цэргийн алба хаагчдыг суралцуулах, ХАЧА-иас Монгол Улсын Хил хамгаалах байгууллагад үзүүлж ирсэн буцалтгүй тусламжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг асуудлаар харилцан тохиролцов. Хэлэлцэн тохиролцсон асуудлаар “Ажлын уулзалтын протокол” байгуулав.

Хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг хүлээн авч уулзаж, хоёр орны хилчдийн ажил хэрэгч хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, 2019 онд тохиох Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны хилчдийн хооронд онцлогтой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажил хэрэгч санал дэвшүүлсэнийг хоёр тал талархан дэмжив.