Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг дагалдан БНХАУ-д айлчлах, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэрээ 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд дарга Сун Давэйтэй уулзав.
Уулзалтаар Монгол Улсаас БНХАУ-д хийх үхэр, хонь, ямааны түүхий махны экспортыг сэргээх, эрсдлийн үнэлгээний ажлыг аль болох эрт эхлүүлэх, махан бүтээгдэхүүн экспортлох боомтын тоог нэмэгдүүлэх, улаан буудай, арвайн экспорт, улаан буудайн гурил, хөх тариан гурил, сүүн бүтээгдэхүүний экспортлох нөхцөл бүрдүүлэх, химийн хорт болон аюултай бодис тээвэрлэлтийн хяналтыг сайжруулах, хилийн боомт дээр хамтарсан сургалт зохион байгуулах, хил дамнасан гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл шуурхай солилцох зэрэг өргөн хүрээний асуудлаар ярилцав.
Уулзалтын дараа “Махан бүтээгдэхүүнийг хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын 2017 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.