Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын гэргий хатагтай Чянь Вэйгийн санаачилгаар жил бүр “Хил хязгааргүй хайр” хандивын арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд Бээжин дэх ДТГ болон Олон улсын байгууллагууд өргөнөөр оролцдог томоохон арга хэмжээ юм.
Хятадын ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд хөгжил буурай бүс нутгийн ард иргэд болон нийгмийн бүлгүүдийн амьдрал ахуйг дээшлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ нь 2009 оноос эхлэн нийт 7 дахь удаагаа зохион байгуулагдаж, 22 сая юанийн хандив цуглуулж, Юннань, Хөбэй, Ганьсу, Хөнань, Гуйжоу зэрэг мужийн иргэдэд шууд үр дүн нь хүрэхүйц төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд зарцуулсан байна.
2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ээлжит хандивын арга хэмжээг Бээжин хотын Ажилчдын стадионд зохион байгуулж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И оролцож, ДТГ-уудын асарт зочлон танилцав.
Арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг гэргийн хамт оролцож, Монголын үндэсний бараа, бүтээгдэхүүнийг сурталчлав. Энэ удаагийн хандивын арга хэмжээнд нийт 81 улс болон олон улсын байгууллага оролцсон бөгөөд хандивыг Юннань мужийн Малипо тосгонд эрүүл мэндийн төв байгуулахад зарцуулах ажээ. Хандивын худалдааны арга хэмжээнд Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК оролцож хандив өргөв.