Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Иргэний шинэчилсэн бүртгэл

2017-01-07

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 100 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар шийдвэрлэж, ингэхдээ шинэчилсэн бүртгэлийг Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь олгох болон иргэний цахим үнэмлэх олгох суурь дэд бүтцийг бүрдүүлэх ажлуудтай уялдуулан хийхээр тогтсон.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар Монгол Улсын иргэн: 1.    Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувиа авах 2.    "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаанаас өөрт ноогдох хувьцааг эзэмших 3.    Иргэний цахим үнэмлэх авах зэрэг эрхээ эдлэх боломжоор хангагдах юм.

            Шинэчилсэн бүртгэлд иргэдийг үндэсний энгийн хүчинтэй гадаад паспортыг үндэслэн бүртгэнэ. Гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хүчинтэй хугацааг урьдчилан сунгуулах шаардлагатай. Иргэний шинэчилсэн бүртгэл нь иргэний төрсний, иргэний үнэмлэхний бүртгэлийг хамрах учраас төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ давхар авч ирэхийг иргэддээ зөвлөж байна.

Хэрэв дээрх гурван баримт бичгийн аль ч нь байхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.registrationmongolia.com, www.burtgel.mn цахим хаягаар орж, иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний лавлагаа авах хүсэлтээ он-лайн илгээх хэрэгтэй. Иргэний хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн авч, иргэний төрсний бүртгэлийн лавлагааг иргэний үнэмлэхний зурагтай лавлагааны хамт гарган ЕКГ-т шууд ирүүлж, лавлагаа гарсан талаар иргэнд и-мэйлээр хариу мэдэгдэнэ. ЕКГ нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн төрсний гэрчилгээг тухайн иргэнд шинээр бичиж олгон, шинэчилсэн бүртгэлд бүртгэнэ.

Иргэний шинэчилсэн бүртгэлд 16-аас дээш насны иргэдийг биечлэн бүртгэх бөгөөд 16-аас доош насны иргэдийн хувьд түүний эх нь бүртгүүлнэ. Түүнчлэн иргэдийг бүртгэлд ирэхээсээ өмнө өөрсдийн ургийн овог, Монгол Улсад бүртгэлтэй хаяг, мөн эхнэр, нөхрийн болон 16 нас хүртэлх хүүхдийн регистрийн дугаарыг зайлшгүй тодруулсан байхыг анхааруулж байна.

Та өөрийн бүртгэл баталгаажсан эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим www.registrationmongolia.com, www.burtgel.mn гэсэн цахим хуудсанд нэвтэрч,  регистрийн дугаараар шалгах, мөн улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсанд холбогдож лавлаж болно.