Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан билээ.
Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах ажлыг урагшлуулахад хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан “Хөгжлийн зам” санаачилгыг танилцуулах арга хэмжээг 6 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулав.
Уг арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нээн үг хэлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Готов, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЭСЯ-ны ажилтан Т.Мөнхгэрэл нар “Хөгжлийн зам” санаачилгын ерөнхий агуулга, зам, тээвэр, дэд бүтцийн салбарын бодлого, ойрын хугацаанд төлөвлөж буй ажил, авто болон төмөр замын коридоруудын талаар мэдээлэл хийв.
Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын Зам, тээврийн яам, Хөгжил шинэчлэлийн хороо, Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Төмөр замын ерөнхий компани зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.