Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуяг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мамнуун Хусейнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичгээ барьсаны дараагаар Ерөнхийлөгч Мамнуун Хусейн Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Пакистаны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Элчин сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын чин сэтгэлийн халуун мэндчилгээг түүний дотор Монгол Улс Пакистан Улстай боломжтой бүхий л салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэдгийг уламжлав.
Ерөнхийлөгч Мамнуун Хусейн Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын талаар сонирхон асууж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Элчин сайд Д.Ганхуяг Пакистаны нийслэл Исламабад хотод ажиллах үеэрээ тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Имтиаз Ахмед, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын асуудал хариуцсан Нарийн бичгийн бичгийн дарга бөгөөд Үндэсний кохицуулагч Бабар Амин, НҮБ-ын асуудал хариуцсан газрын Ерөнхий захирал Халил Хашми, Пакистаны Төлөвлөгөө, хөгжил, шинэтгэлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сийед Тарик, Хятад-Пакистаны Эдийн засгийн коридорын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Шахид Рашид болон Пакистаны Парламентын дээд танхимын гишүүн, Батлан хамгаалахын байнгын хорооны дарга, сенатор Мушахид Х.С зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Пакистаны Гадаад хэргийн яамд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны механизм болох Улс төрийн зөвлөлдөх анхдугаар уулзалтыг ойрын хугацаанд тус улсад зохион байгуулах, Монгол-Пакистан Парламент хоорондын солилцоог нэмэгдүүлэх, тус тусын Парламентад хоёр орны найрамдлын бүлгийг байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, ШХАБ-ын дахь Пакистаны оролцоо, Бүс ба Зам санаачлага болон Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, цаашид энэ чиглэлээр харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох уулзалтуудыг зохион байгуулах, бизнес аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд анхааран ажиллахаар тохиролцлоо.