Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙВ

2017-12-06

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

 DSC_6458

DSC_6461

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Гадаад харилцааны сайд нар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүч чармайлт гаргахаа илэрхийлж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв.

 DSC_6481

Талууд1994 онд байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ” болон харилцааны бусад баримт бичгүүдийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэдгээ дахин нотлов.

Хоёр тал өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухалыг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайдыг ирэх онд БНХАУ-д айлчлуулж, Монгол, Хятадын хүмүүнлэгийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов.

Монголын талын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хятадын талын “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулан хөгжүүлэхээр санал нэгдэв.

Монголын тал БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байдагт талархал илэрхийлж, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв. Хятадын тал монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хятадын тал Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүний дотор Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэхэд үүсээд байсан хүндрэлийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа болон ХАА-н бүтээгдэхүүн,  махны экспортыг нэмэгдүүлэх илүү таатай нөхцөл бүрдүүлэхээ илэрхийлэв.

Талууд Монгол, Хятад, Орос гурван талын хамтын ажиллагааг урагшлуулж, олон улсын хүрээн дэх уламжлалт харилцааг үргэлжлүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүч чармайлт гаргахаа илэрхийлэв.

Хэлэлцээний дүнд Гадаад харилцааны сайд нар “Хамтарсан хэвлэлийн мэдээ” гаргаж, яриа хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулав.

 DSC_6538

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жечы, ХКН-ын Төв Хорооны ГХГ-ын дэд дарга Ван Яжюнь, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жин Личюнь нартай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

DSC_6607

DSC_6616

DSC_6580

DSC_6584

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ удаагийн айлчлалын дүн болон хоёр орны харилцааны цаашдын хамтын ажиллагааны талаар Хятадын төв телевиз, Хятадын Олон улсын радио-д тус тус ярилцлага өгөв.

DSC_6657

DSC_6634