Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гадаад хэргийн яам, Удирдлагын академийн дээд, дунд шатны удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Бээжин, Ханжоу, Шанхай хотуудад танилцах айлчлал хийж, сургалтад оролцов.
Танилцах айлчлалын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дэд дарга Жөн Шяосун, Жөзян мужийн дэд дарга Лян Лимин нартай уулзав.
Сургалтын хүрээнд төлөөлөгчид Хятадын өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Шанхай хотын Пудун дүүрэг, Ханжоу хотын мэдээллийн технологийн төв, “Алибаба” групп, Сужоу хотын аж үйлдвэрийн парк, Жөзян мужийн өндөр технологийн парк зэрэг газруудаар зочлов.
ХКН-ын Төв хорооны Байнгын хорооны гишүүн Лю Юньшаний 2016 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монголын дээд, дунд шатны удирдах 300 албан тушаалтны сургалтыг Хятадын Пудуны Боловсон хүчний академид 2017-2020 онд зохион байгуулахаар тохиролцож санамж бичиг байгуулсны дагуу 10 удаагийн сургалт зохион байгуулах бөгөөд анхны удаагийн сургалт ийнхүү амжилттай болж өндөрлөв.