Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Бээжин хотын Гадаад орнуудтай соёлоор харилцах төвөөс 2018 оны 10 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулсан “Colourful World-Beijing 2018” “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын гурав дахь удаагийн олон улсын соёлын үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. “Colourful World-Beijing” Олон улсын соёлын үзэсгэлэн нь Хятадын олон улсын соёл, бүтээлч үйлдвэрлэлийн 13 дахь удаагийн ЭКСПО (13th China Beijing International Cultural and Creative Industry Expo “ICCIE”) арга хэмжээний хүрээнд зохион байгуулж , Гадаад улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ууд өргөн хүрээнд оролцдог олон улсын соёлын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Энэ удаагийн үзэсгэлэн арга хэмжээнд БНХАУ-д суугаа 40 Элчин сайдын яамд оролцож өөрийн орны соёл, урлаг, үндэсний бараа, бүтээгдэхүүнийг сурталчилав. Тус Элчин сайдын яам Монгол Улсаа сурталчилах зорилгоор өнөөгийн Улаанбаатар, соёл ахуйг харуулсан гэрэл зураг, Үндэсний хүнс, цагаан идээ зэргийг дэлгэн танилцуулж, Үндэсний хувцасны загварын үзүүлбэрт оролцов. Мөн Улаанбаатар чуулгийн уран бүтээлчид Монгол Ардын уртын дуу, Хөөмий, “Хан хөхийн уянга”, “Алтайн магтаал”, “Жалам хар” зэрэг Монголын уран бүтээлүүдийг олон нийтэд толилуулав. Олон улсын соёлын үзэсгэлэн нь улс, орнууд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх, соёлын солилцоог эрчимжүүлэх, үндэсний зан заншил, соёлыг сурталчилах, түгээн таниулах чухал тавцан юм.